//А. БААСАНЖАВ: Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь ариутгагч нар

А. БААСАНЖАВ: Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь ариутгагч нар

Халдвар судлагч, их эмч А. Баасанжав нь ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр 2009 онд “Орхон-Овоот” ХХК-ийг үүсгэн байгуулж зөвлөх эмчээр 11 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн даргын алба хашдаг.-Улс орон даяар корона вирусын цар тахал дэгдэж байгаа энэ үед ариутгал халдваргүйтгэлийн ажил хамгаас чухал тавигдаж байна. Энэ ажилд танай холбооны гишүүн хэчнээн байгууллага оролцож байна вэ?-Өнөөдрийн байдлаар ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр улсын хэмжээнд 94 компани тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна.Дэлхийн дахинд шинэ корона вириусын халдвар дэгдэж эхлэх үед Нийслэлийн Засаг даргын А/183 дугаар захирамжаар Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоонд бүртгэлтэй 37 компанитай гэрээ байгуулж 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн нийслэлийн аж ахуйн байгууллага, орон сууц, олон нийтийн газар, үер усны далан, нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоол гэх мэт эрсдэл бүхий 18.758 цэгийн 1.312.467м2 талбайг хамруулж ариутгал халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Зөвхөн хоёр сарын хугацаанд гэхэд л манай холбоонд бүртгэлтэй 37 аж ахуйн нэгж 18.7 мянган аж ахуйн нэгж, эрсдэл бүхий газарт 1.6 сая хавтгай дөрвөлжин метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гээд бодоход өнгөрсөн хугацаанд хэчнээн их ажил хийсэн нь тодорхой. Ковид 19-ийн үед хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь манай ариутгагч нар юм. Манай гишүүн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнийн дүнгээ 60 хувь бууруулж, 1 метр ам дөрвөлжин талбайг 200 төгрөгөөр халдваргүйжүүлэлт хийж байгаа. Цаашилбал нийслэлийн Баянзүрх дүүрэгт гэхэд л Орхон-Овоот ХХК, Түвшинбилэг төгөлдөр ХХК, ДДД-андууд ХХК гээд олон компани үнэ төлбөргүй халдваргүйжүүлэлт хийж байгаа.-Ингэж ажиллахад хүн хүчний болон бусад нөөц боломж хэр хүрэлцээтэй байна вэ?-Ковид 19 цар тахал дэгдэж эхэлсэнээс хойш Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоонд бүртгэлтэй 37 компаний 160 гаруй ариутгагч, 60 гаруй машин техниктэйгээр хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэл бүхий орчныг халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлж байна. Бид ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэр, зөвлөмжийг удирдлага болгон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэг удаагийн хамгаалалтын хувцас, хэрэгсэл хангалттай байгаа. Харин багаж тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлд хэрэглэх бодис одоогийн байдлаар 25 хоногийн нөөцтэй байна. Цаашид аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас сургалт аваад, мананцар үүсгэгчтэй болчихвол том хэмжээтэй талбайд ариутгал халдваргүйтгэлийн асуудлыг өөрсдөө шийдэн бүрэн хийх боломжтой юм.Бид харилцагч байгуулага аж ахуйн нэгжүүдэд мэргэжил арга зүйн болон хөдөлмөр аюулгүй байдлын заавар зөвлөгөө өгч, үйлчилгээний талаар сургалт зохион байгуулан шаардлагатай үед багаж, тоног төхөөрөмж, ариутгалын бодисоор хангах ажлыг шийдвэрлэхэд нь тогтмол туслалцаа үзүүлж байна.-Тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?-Хөл хорио тогтоосон үед том компаниуд болон их талбайтай объект эзэмшдэг байгууллагууд гэрээнийхээ дагуу дуудлага ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаа боловч жижиг аж ахуйн нэгжүүд, хотын захын гэр хороололын цэгүүд хоцрох тал байна. 2020 оны тавдугаар сарын 8-нд манай холбоонд бүртгэлтэй компаниуд хуралдаад дүүрэг тус бүрт хороог хувиарлан авч, дундаасаа мэдээ тайлан өгөх ахлагч сонгосон.-Дашрамд асуухад халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх байгууллага манайд хэзээ бий болсон бэ?-Түүх сөхвөл 1962 оны зун Улаанбаатар хотын ариун цэвэр, халдвар судлалын станц дээр “Ариутгагч”-ийн мэргэжил олгох 2 сарын дамжаа бий болж сувилагч, бага эмч мэргэжилтэй 18 хүнийг анхны мэргэшсэн ариутгагч болгон сургаж бэлтгэсэн байдаг. Харин дараа жил нь буюу 1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 345 дугаар тогтоолоор нийслэлийн Ариун цэвэр, халдвар судлалын станцын дэргэд 19 хүний бүрэлдэхүүнтэй “Ариутгал, хортон устгал”-ын мэргэжлийн нэгж байгуулахаар шийдвэрлэсэн. 1979 он хүртэл оршин тогтносон энэ байгууллагын анхны даргаар 1963-1975 онд хүний их эмч Ж.Мандшир ажиллаж байсан юм.Харин 1980-1989 онд Хортон мэрэгчтэй тэмцэх товчоо болж өөрчлөгдсөн. Энэ үеэс тус албанд ажиллаж байсан мэргэжлийн боловсон хүчний чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, тэднийг гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх болон мэргэшүүлэх сургалтанд хамруулж эхэлсэн. Ингэж мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд ДЭМБ-ын дэмжлэг туслалцаа чухал үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед боловсон хүчин, материаллаг баазын хувьд тодорхой түвшинд бэхжүүлэхэд үе үеийн даргаар ажиллаж байсан Цэрэнбадав, Галбадрах, Үдэнбор, Норов нар үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.-Тэгвэл зах зээлийн үед…?- Эрүүл мэндийн Яамны сайдын 1990 оны А/167 тоот тушаалаар Хортон мэрэгчтэй тэмцэх товчоог татан буулгаж, ЭМЯ-ны харьяа Халдваргүйтгэлийн төв болгож өөрчлөн даргаар нь эрүүл ахуйн их эмч Ш. Үдэнборыг томилсон байдаг. Харин 1996 оноос Ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх төв болон өөрчлөгдөж, захирлаар нь биологич Норов ажиллах болсон. Дараа нь хувьчлагдаж, одоо энэ хэдэн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагааг нь үргэжлүүлэн явуулж байна.-Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоо хэзээ байгуулагдсан бэ?-Манай хэд хэдэн эрдэмтэн докторууд анх 2017 онд нийлж Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоог байгуулсан. Энэ тухай хэлэхийн өмнө нэгэн түүхийг ярих хэрэгтэй. БНХАУ-ын Шэнжэнь хотод 2018 оны есдүгээр сард Ази, Номхон далайн орнуудын ахуйн хортон шавж, мэрэгч устгалын олон улсын зөвлөгөөнд Монгол Улсаас “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-ийн захирал Үнэнбат, менежер Оюунсүрэн, “Илдэнгүн хошуу” ХХК-ийн захирал Эрдэмбилэг, менежер Оргилмаа, Зоригт, ХӨСҮТ-ийн биологич Оюунтуяа нар оролцсон юм. Тэгтэл зөвлөгөөнд оролцож байгаа улс орнуудын төрийн далбаануудыг өлгөсөн мөртлөө Монгол Улсынх байсангүй. Манай төлөөлөгчид “Манай улсын төрийн далбааг яагаад өлгөөгүй юм бэ?” гэж зохион байгуулагчдаас асуухад “Танай улс олон улсын холбоонд элсээгүй юм байна шүү дээ” гэж хариулсан гэнэ лээ. Ингээд энэ холбоог байгуулах нь зүйтэй юм байна гэж үзжээ. Ингээд бид Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбооны анхдугаар зөвлөгөөнийг 2019 оны нэгдүгээр сарын 18-нд зохион байгуулж их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, хот, хөдөө орон нутгийн нийт 45 аж ахуйн нэгжийн захирал, менежер, зөвлөх эрүүл ахуйч, халдвар судлагч, биологич гээд нийт 78 хүн оролцож, цаашдын үйл ажиллагааныхаа талаар зөвлөлдсөн. 2019 оны есдүгээр сард Солонгос улсын Дежион хотод Ази Номхон далайн орнуудын олон улсын семинарт “Орхон-Овоот” ХХК-ийн захирал Батгэрэл, “Хунт хайрхан” ХХК-ийн захирал Уртнасан, “Ариутгал трейд” ХХК-ийн менежер Халиунаа болон миний бие оролцсон.-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?-Юун түрүүнд манай улсад мөрдөгдөж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандартад нэмэлт өөрчлөлт оруулж, дэлхийн стандартад ойртуулах, Ариутгагч нарт “Техникийн ажилтан”-ы мэргэжил олгох сургалт явуулах, холбооны үйл ажиллагаанд гишүүн байгууллагуудыг идэвхитэй оролцуулах, холбооны дэргэд залуу эрдэмтдийн баг ажиллуулах гэх мэтээр үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл юу байна вэ?- Ковид 19-ийн халдвар гарч эхлэх үеэс бидний ажилд дэмжлэг үзүүлж ирсэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, энэ ажлыг зохион байгуулахад голлон оролцсон Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Нямдорж нартаа талархал илэрхийлье.Цаашид бид Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэргэжил арга зүйн болон үйл ажиллагааны дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байна.Бүтэн жилийн турш эмч, эмнэлэгийн ажилтнуудын нэгэн адил тасралтгүй ажиллаж байгаа ариутгагч, халдвар судлагч, бусад мэргэжлийн ажилчдын хүч хөдөлмөрийг төр, засгийн зүгээс үнэлж шагнаж урамшуулах шаардлагатай байна. Энэ талаар манай холбооны зүгээс тавьж байгаа санал хүсэлтийг ЭМЯ, нийслэлийн төр, захиргааны удирдлага, анхаарч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.- Ярилцлага өгсөнд баярлалаа.