//БЗД-ийн 17-р хороонд шинжилгээ авах байнгын 4 цэг, явуулын 7 баг ажиллалаа

БЗД-ийн 17-р хороонд шинжилгээ авах байнгын 4 цэг, явуулын 7 баг ажиллалаа

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-р хорооны нөхцөл байдлын талаарх тойм мэдээг хүргэж байна. Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажилласан. Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээллэх зорилгоор 30 албан хаагчид 17-р хорооны 2770 өрхөд утсаар мэдээлэл өгч өрх нэг бүрд мэдээлэл өгсөн. Мөн боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэсэн. Шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан.

Ийнхүү ажилласны үр дүнд 17 дугаар хорооны 5231 иргэнийг шинжилгээнд хамруулсан.17 дугаар хороо нь гэр хороолол, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр 2 байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах 7 баг ажиллуулсан.Дээрх ажлуудыг хийсний үр дүнд хөл хорио тогтоосноос өмнө, тогтоосноос хойш нийт 9,17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн. Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшээрэй. Ингэснээр та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна. Сайхан цагийн төлөө хамтдаа.