//Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нэг. Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д 2020 оны 4 сард өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзан зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохоор тогтсон.


Энэхүү журамд заасан шаардлагыг ханган 2020 онд их, дээд сургууль төгссөн  1971 оюутан,  Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, 2.8 голч дүнтэй амжилттай суралцаж байгаа 2782 оюутанд 6.4 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд олгосон.

2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 5028 оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан байна. Эдгээр оюутнуудад энэ хичээлийн жилд сургалтын зээл олгоход 15.0 тэрбум орчим төгрөг шаардагдахаар тооцоо гарсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны төсвийн багцад Оюутны хөгжлийн сургалтын зээлд зориулж 24,8 тэрбум төгрөг батлагдсан. Иймд Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутанд энэхүү цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон сургалтын төлбөрийн зээлийг 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд багтаан олгохоор боллоо.

Хоёр. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сурлагын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно” гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “…төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт  элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь…” төрөөс олгохоор баталсан билээ. Энэхүү журмын дагуу 2020 оны 9 дүгээр сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа болзол хангасан 843 оюутанд 625.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.

Өнөөдөр манай улсад сувилахуйн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад 3100-аад оюутан “сувилагч мэргэжил”-ээр суралцаж байна. Тус судалгаанаас харахад сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд 2020 онд элссэн оюутны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо   450-480 байна. Сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 450 болгон өөрчлөх, мөн төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.