//Мөнхийн түнш

Мөнхийн түнш

“Nafa”, “Carardly” брэндийн албан ёсны борлуулагч Нарангэрэлийн Солонго хамгийн анхны хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Jordan beauty хэмээх нүүр арчилгааны авсаархан аппаратыг 2000 оны эхээр мэдэхгүй хүн ховор. 11-тэй дугаар барьж, Ланд машин хөлөглөсөн бүсгүйн ажилчид нь хүргэлтээ дийлэхгүйгээс өөрөө жирийх нь ердийн үзэгдэл. 16 настайгаасаа алим жимс зарж эхэлсэн тэрбээр унаж босож үзсэн хашир толгой. Нэг хэсэг баячуудын эхнэрийг “уургалж”, гоо заслын салон ч ажиллуулж үзсэн гэдэг. Өөрөө өндөр хэрэглээтэй, өрөөлийг ч үнэлж чаддаг Солонго “том бай”, “том мөрөөд” гэдэг бизнесийн үндсэн зарчимтай. Тиймдээ ч бүх топ модельтой хамтран ажиллаж, зоосыг харамгүй цацдаг. Энэ жил хөл хорионы сиймхийгээр зохион байгуулсан түүний шоу хамгийн өндөр өртөгтэйд тооцогдоно. Солонго Одгэрэлийг биширдэг гэх юм билээ. Сайхан бүсгүйчүүд эртнээс нөхөрлөсөн гэдэг. Нөхөрлөл дээр суурилсан бизнесээс, бизнес дээр суурилсан нөхөрлөл үнэтэй юу. Итгэл алдахгүй бол аль аль нь л үнэтэй байх. Топ модель Одгэрэл өнөөдөр 54 нас хүрч байна.