//III эмнэлэгт Ангиографийн аппарат суурилууллаа

III эмнэлэгт Ангиографийн аппарат суурилууллаа

2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг улсын гуравдугаар төв эмнэлэгт сууриллуулжээ.Тус эмнэлгийн хувьд саяхныг хүртэл нэг ангиографийн аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээдгүй байсан бол хамгийн орчин үеийн энэхүү шинэ аппарат суурилагдсанаар тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл багасах, тархины харвалт,зүрхний шигдээсийн амь тэнцсэн байдалтай ирж байгаа хүмүүст судсан дотуурх мэс заслын шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг, мөн тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийн 100 хувь дангаар хариуцан,өндөр ачаалал хүлээн ажилладаг аж.
Зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай хамгийн орчин үеийн энэ аппаратыг Монгол Улсын Засгийн газраас улсын төсвийн хоёт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгчээ. Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношлогоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографийн аппарат суурилагдаж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа юм байна. Энэ аппарат суурилагдсанаар зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг олон эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох юм.