//УОК: Нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл үндэслэлгүй…

УОК: Нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл үндэслэлгүй…

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэргийг хэлэлцэв.  Үүнтэй холбогдуулан:

–       Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

–       Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

–       Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

–       ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.