//“Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын төсөлд санал авч эхэллээ

“Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын төсөлд санал авч эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд олон ажил хэрэгжүүлээд байна. Сүүлийн жишээ буюу энэ сарын 09-нд олон жил орхигдоод байсан биржийн бус зах зээлийн харилцааг зохицуулсан журмыг ээлжит 23 дугаар хуралдаанаараа баталсан.

Цаашид ч хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь хөрөнгийн зах зээлийн үндсэн суурь бүтээгдэхүүн болох хувьцаа болон компанийн бондын бүртгэлийн харилцааг олон улсын жишиг, хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлага, өөрийн орны онцлог, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлсэн “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам” юм.

Энэхүү багц 2 журам батлагдсанаар хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй бүртгэлийн давхардал, чирэгдэл, анхдагч зах зээлийн арилжааны зохион байгуулалттай холбоотой тулгамдсан суурь шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу олон нийтээс санал авахаар “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын төслийг Хорооны цахим хуудсанд байршуулаад байна. 

Журмаар анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани хариуцан зохион байгуулж, санал болгох үнийг тогтоох, үнэт цаас бүртгэх ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй гүйцэтгэх, арилжаа эрхлэх болон төрийн зохицуулагч байгууллагын бүртгэл хоорондын зааг, ялгааг тодорхойлж, аж ахуйн нэгжүүд үнэт цаасны зах зээлд үнэт цаасаа санал болгож санхүүжилт татах сонирхлыг нэмэгдүүлэх боломж бий болно. Цаашилбал, үнэт цаас гаргагчийн мэдээлэл, тайлагналын тогтолцоог сайжруулж, мэдээллийн төрлийг нарийвчлан тогтоож маягтжуулах, мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, үнэт цаас гаргах ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч аудит, хууль, үнэлгээний компаниудын хараат бус байдал, гаргаж буй дүгнэлтийг олон улсын стандартад нийцүүлж чанарыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг бий болгох ач холбогдолтой. 

Иймд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй дэд бүтцийн болон мэргэжлийн зуучлагч байгууллага, үнэт цаас гаргагч, хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд журмын төсөлтэй танилцаж саналаа ирүүлж, Хороотой хамтран ажиллахыг хүсч байна. Мөн “Компанийн компанийн бондын бүртгэлийн журам”-ын төсөлд олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудсанд удахгүй байршуулах болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.