//Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан танилцуулах цахим хурал боллоо

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан танилцуулах цахим хурал боллоо

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн сан хамтран Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг олон нийтэд сурталчлан танилцуулах хурлыг энэ сарын 02-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг цахим хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнг төлөөлж Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар оролцлоо. Мөн хууль эрх зүй, улс төр судлалаар ХБНГУ-д суралцаж буй оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Германы монголч эрдэмтэд, Үндсэн хууль судлаачид зэрэг 40 гаруй төлөөлөл оролцов.

Цахим хуралд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, Саарландын Их Сургуулийн Европын хууль ба Европын нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Европа-Институтийн захирал асан доктор, профессор Торстен Стейн нар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувь өөрчлөлт оруулсан. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагыг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Харин ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн зохицуулалтын онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг хамгаалах, бүхэлдээ хууль дээдлэх зарчимд суурилсан шинэ Үндсэн хуулиа батлах үйл явцад оролцож байснаа профессор Торстен Стейнэргэн дурсаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийн ил тод байдал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх онцлогийн талаар асуулт асууж, хариулт авлаа.