//“Юм үзээгүй” 76 хүн

“Юм үзээгүй” 76 хүн

Сэтгүүлч Н.Энхцэцэгийн тэмдэглэлийг хүргэж байна.

НҮДЭЭ БАЯСГАЖ, ТАРХИА АМРААЖ, УХААНАА ЧИЛЭЭСЭН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ

“ЮМ ҮЗЭЭГҮЙ” 76 ХҮН

“Монголын Үйлдвэржилт Инновацийн төв” ТББ үйлдвэрлэгч, худалдаачдад зориулсан амралт, бизнес хосолсон аяллыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Миний бие энэ аяллын 66 дахь удаагийнхад нь явах боломж тохиосон агаад аяллын сонин сайхнаас сонирхуулъя уу хэмээн үүнийг бичиж сууна.

Аялагчид бидний маршрут Занжиажэ, Гуанжоу, Ийвү, Шанхай хотоор аялж, туршлага судлах байв. Аяллын багийнхан дотор өмнө нь энэ маршрутаар аялж үзээгүй цөөн тооны хүн байсан. Харин зарим нь дөрвөөс таван удаа тус хамт олонтой аялж яваа гэнэ. Дэлхийн олон орныг үзсэн туршлагатай аялагчид ч байв. Аяллын ахлагч Б.Ангараг Монголоос хөдлөхийнхөө өмнө аялагчдад хандаж “Юм үзэж, нүд тайлцгаая. Эрэлхийлцгээе” гэсэн нь онигооны сэдэв болж, аяллын явцад хамт олноосоо “Тоорхон” хоч хүртсэн хэлэмгий, алиа марзан нь дэндсэн залуу “Энд 76 юм үзээгүй хүн бий шүү” хэмээн замын турш марзганаж явав. Ийнхүү 76-уулаа унтлагын автобусны аяллыг сонгосон нь учир жанцантай. Унтлагын автобусаар аялах нь олон хоногийн хоол хүнс, бусад зардалтайгаа нийлээд онгоцоор ниссэнээс онцын ялгаагүй ч замд дайран өнгөрөх хот, тосгодоос эхлэн олон зүйлийг үзэж хардаг аяллын сонирхолтой төрөл тул үүн дээр бүгд санаа нийлж байлаа.

Ингээд өнөөх “юм үзээгүй 76” сайхан аялж хэрхэн “юм үзсэн 76” болсон талаараа жаал сонирхуулья. Би бээр Эко телевизийн “Тахианы өд” киног зургадугаар ангиас нь эхлэн үзсэн юм. Маршрутад Ийвү хот байгаа тул төсөөллөө бодит болгохыг зорьсон. Киноны үйл явдлыг харваас бодит хүний амьдралаас сэдэвлэсэн нь илт. Гол дүрийн эмэгтэй ёстой кино шиг амьдрал туулсан байх гэсэн бодол хатгаад болж өгөхгүй, аз таарвал тэр эмэгтэйг олоод уулзчих ч юм бил үү гэсэн зөн совиндоо хөтлөгдсөн хэрэг л дээ. Энэ 76 хүн тус бүрдээ яг л над шиг энэ мэт ямар нэг зорилго өвөртөлж аялалд гарсан биз ээ.

ЗАМД ГАРЛАА

Аялагчид БНХАУ-ын Эрээн хотоос нэгдэж, Шилийн гол аймагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг ганц Монгол компаний “Хишиг” ресторанд үндэсний зоогоо таатай нь аргагүй хүртэцгээгээд хөдөллөө. Замд ямар ч хоол таарч мэдэх учраас хилийн дээс алхангуутаа “монгол хүний хийсэн хоол шүү дээ” гэсэн аятай л бужигналдав. Өдрийн 15 цагт “Хишиг” зоогийн үүднээс хоёр автобусанд хуваагдаж суулаа. Унтлагын автобусны ор дэвсгэр нь ямар ч юм билээ гээд эндээс хямдавтар, хэдхэн хоног хэрэглээд хаясан ч болох шинэ цагаан хэрэглэл худалдан авсан билээ. Ороод л шал дэмий зүйл хийснээ ойлгов. Автобус тун цэвэр цэмцгэр, ор дэвсгэр нь ч боломжийн аж. Үүдэнд өлгөсөн гялгар уутанд өмсөж явсан гутлуудаа хийж бариад л хөл нүцгэн жирийлдэнэ. Хүмүүс яасан ч гавшгай юм. Урдах орнууд аль хэдийнэ эзнээ олчихож. Хамгийн арын эгнээ эзгүй тул тэнд байраа эзэллээ. Энэ автобусаараа Бээжин хүртэл яваад тэндээсээ унаагаа юүлэх бололтой. Аяллын өмнөх нэгдсэн хуралд суугаагүй хэнэггүйтсэнээсээ болж энэ мэт мэдээллээс хоцорчээ. Манай “автобус-1”-ийн ахлагч МҮИТ-ийн ажилтан Мийгаа гэх нүдний шилтэй, биерхүү залуу хүмүүсийнхээ нэрсийг эхнээс нь дуудаж бүртгэлжүүлснээр 1, 2, 3 гэсээр би 30 дугаартай аялагч боллоо. Үүнээс хойш ингээд дугаараар нь нэрлэхээр тохиролцов. “Санасан зорьсон хэрэг бүтэх, алтан шар зам тийшээ байна” гээд л хөдөллөө дөө.

Эрээнээс Бээжин хүртэл 800 км. Автобус эгнээ тус бүртээ гурван ортой. Миний зэргэлдээ оронд Батуна гэх залуу, шаргал үст Халиун нар тухалжээ. Өмнө талд өндөр, туранхай шар залуу, түүний хажууд Үнэн бат зогсох гэх ховорхон нэртэй залуу, эхнэр Ганчимэгийн хамт аяллын эхлэлээ тунхаглаж байгаа бололтой сээлфийдээд сүйд ээ. Хамгийн урд эгнээний 60 орчим насны эхнэр нөхөр, мань мэтийн зуугийн тал руу дөхөж яваа ганц хоёр эмэгтэйг эс тооцвол энэ автобусанд ихэнх нь залуус багтжээ. Биестэйгээ албан ёсоор танилцаагүй ч “Залуусын баг” хэмээх групп wechat нээж харагдав. Миний дээд оронд байрлалаа эзэлсэн өнөөх “Хишиг” рестораны Батхишиг гэх аманцар бүсгүй “Хол замд юу хийхэв дээ. Хөгжилтэй явна шүү” хэмээн бусдыгаа уриалан, өнөөдүүл нь ч хөхиүлэн дэмжиж харагдана. Батхишиг маань урд нь ажлын шугамаар танилцаж явсан тул ихэд өөриймсөглөн “Миний найз дарга шүү” гэж авдаг юм. “Үгүй шүү, үгүй Баагий. Миний тархи шууд амарчихсан” хэмээв. Нээрэн л өвөлжин хэт ачаалалтай ажиллаж, нэг сайхан амраад ирнэ дээ гэсэн бодолтой явсан тул “дарга” гэдэг үг үнэн тээртэй санагдсаныг нуух юун. Ингээд тархинд амралт гэдэг унталтын процесс явагдаж, чимээ аниргүйхэн, элдвийг эргэцүүлэн бодож, орчин тойрноо ажигласан шигээ явах нь сэтгэлд нэн таатай. Баагий маань аль эрт санаачлагыг гартаа авчээ. Залуус нэг мэдэхэд л хэд хэдээрээ хуваагдан хөзөрдөж эхэллээ. Зам хороох тохиромжтой хэлбэр мөөн. Зарим нь хөзөрдөж, хэсэг нь гар утсаа оролдон хууч хөөрч эхэлсэн бол дэрэн дээр толгой тавингуут нам унтах хүмүүс ч байв. Ийнхүү унтлагын автобус гээчид өнөөх 76 “юм үзээгүй” хүний амьдрал өрнөж эхэллээ дээ. Аяллын анхны өдөр хүмүүс ядардаг бололтой. Бээжин рүү дөхөж явна шүү гэлцээд байсан атлаа яг тэндээ очоод нам унтацгаачихаж.

Үүр тэмдгэрч, хаа нэгтээ хүний хурхирах чимээнээр сэрвэл автобустайгаа харваас зогсоол болов уу гэмээр том оврын машинууд эгнэсэн газар саатжээ. Дээд орны Батчулуун бас сэрэв бололтой. “Oh my good. Зогсоол дээр унтаж байна” гэж тэр шивнэлээ. Бүх биеийг айдас хүйдэс эзэмдэх шиг санагдав. “Яахаараа зогсоол дээр унтаж байна гэж…” хэмээн бодох завсраа “Баагий автобусны хаалга онгорхой байна, гарах уу” гэтэл бүсгүй “тэгье” гэж байна. Үүр хаяарч эхлэв. Гадна талбайд хажуу орны Батуна, ахлагч Мийгаатай зогсож харагдав. Тэд автобус энд зогсонгуут гараад орчин тойрноо ажиглан, элдвийг ярилцаж байсан бололтой. Хуралд суугаагүй, мэдээллээс хоцорсны гор ахиад л гарах нь тэр. Унтлагын автобусны аялал ийм л байдаг гэнэ. Шөнийн 02 цагаас хойш автобус хурдны замаар давхиж болохгүй тул ийнхүү зогсолт хийдэг аж. Өглөө эрт бид Бээжингээс ахиад нэг автобусанд сэлгэж суулаа. Анхны “гэр”-ийг маань бодвол энэ автобусны цагаан хэрэглэл нэг их таатай санагдсангүй. Эрээнээс авсан шинэхэн даавуугаа ачааны нэмэр гэж ад үзсэн нь илүүц байж. Хэдий дараагийн унаа ч гэлээ анх эзэлсэн байрлалдаа очицгоож, “Тэмцэж амьдарна аа” гээд л цагаан хэрэгслээ сольчихлоо. Тухтай болсон мэт санагдаж, сэтгэл сэргэв. Замд яваа эрчүүд бол энэ зэргийн юмыг нэг их тоодоггүй нь анзаарагдана. Халиун “Цагаан хэрэгсэл авдаг байжээ” гэж үглэнэ. Дүүрсэн хэрэг. Хүнээр бол чөтгөртэй ч нөхцөнө гэдэг нь болох нь дээ. Аватар уул, бас ч гэж Сүн Ү Күний нутгийг зорьж яваа хүмүүс шүү дээ. Залуус ахиад л хөзөрдөж, замын турш бид гурван цаг тутамд цайлж явав. Эхний зогсоол дээрээс л өнөөх муу хятадынхаа хурдацтай хөгжлийг биширч эхэллээ дээ. Манайхан Замын-Үүд маань нэг боловсон 00-той болчихоосой гэж ярьсаар л суугаа. Хэдэн жил ч ярьсан юм бүү мэд.

Эндхийн зогсоол болох амралтын цэг бүр боловсон 00-той. Дарга нар ингээд газраар яваасай гэж ерөөмөөр санагдав. Тэнгэрээр дэвээд байхаар юугаа санаж сэдэх вэ дээ. Замд аяншиж яваа хүмүүс төрөл бүрийн хоолноос дуртайгаа сонгож идээд, гар нүүрээ угаана, усанд орох шүршүүртэй газар ч таарсан. Зогсоол бүрт үндэсний сувенирууд худалдаастай. Хүн, машин багтах зай талбай хангалттай. Бүр нэг бүхнийг алсын хараагаар шийддэг нь илт. Дотоодын жуулчид битүү хөлхөөстэй. Мэдээж гадаадынхан ч их. Бид гурван цаг тутамдаа ийнхүү амсхийгээд л хөдөлдөг байв. Манай автобусанд энэ аяллынхнаас нэр нь яах аргагүй олон удаа дурьдагдах нийтэч хэдэн хүн бий. Өнөөх Үнэнбатзогсох өдрийн тал дундаас онигоо ярьж эхлэв. Онигоо ярих чинь бас урлаг гэдэг дээ. Яг тийм урлагтай хүмүүсийн нэг аж. Автобусанд монголчууд инээдээр цалгиж байна аа. Ямар ч их онигоо мэддэг юм бэ гэцгээгээд л инээлдээд байх нь тэр. Үүний завсар тасралтгүй үргэлжлэх тариалангийн талбай, бүгд эзэнтэй юм шиг нямбайлан тарьсан модод, гол мөрөн, үзэсгэлэнт байгаль, жирэлзэн өнгөрөх зам харгуй, орчин цагийн хятад суурингийн дүр төрх, өндөр өндөр байшинтай хотуудаар болдогсон бол бүгдээр дайраад өнгөрмөөр санагдана. Уулга алдаад л бичлэг хийцгээх. “Манайх хэзээ ийм болно оо” гэх гомдлын үг хаа нэг сонстоно. Энэ шөнөдөө ахиад л зогсоолд нэг мэдэхэд морилжээ, өнөөх 76. Одоо үүнийг бэрхшээл гэж бодохоо больсон. Зарим нь унтлагын хувцсаа өмсөөд хөнжилдөө лав шигджээ. Хаалга мөн онгорхой. Өнөөх л ахлагч Мийгаа, Батуна хоёр зогсож харагдана. Нойр муутай хэдэн хүн ийнхүү аяллын туршид үүрийн таван жингээр яриа өрнүүлдэг болсон юм. Занжиажэд бид үдээс хойш ирлээ.

ЗАНЖИАЖЭ БА АВАТАР УУЛ

Эрээнээс 3000 км зайтай орших, БНХАУ-ын Хунань мужийн Улинюань хэмээх томоохон дархан цаазат газрын хойд хэсэгт, 1992 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Занжиажэ” үндэсний дархан цаазат цэцэрлэгт хүрээлэн оршдог. Энэ байгалийн үзэсгэлэнт газраас Аватар киноны Пандорра гарагийн дүрслэлийн санааг нэрт кино найруулагч Жэймс Камерун олсон байдаг. Аяллын контент бүтээхдээ гаргуун хятадууд энэ боломжийг хэрхэн алдах вэ дээ. Мужийн албан тушаалтнууд Шар уулыг Аватар хэмээн өөрчилсөн явдал дотоодын болоод дэлхийн жуулчдыг ховсдож эхэлжээ. Энэхүү бүс нутаг зургаан сая иргэнтэй ч, жуулчдын хөлд дарагдсан үед 16 сая болж өсдөг гэх. Төв хэсэг болох хуучны өнгө төрхийг хэвээр хадгалсан гудманд байрлах буудалд гурав хонохдоо шөнөжин дайрч өнгөрөх онгоцны чимээг сонсохнээ дайн тулаантай оронд иймэрхүү байдаг болов уу гэх содон дүрслэл буусныг нуух юун. Гэвч дорхноо л аялагчдаар өглөө оройгүй “шүршүүлж” буй эл үйл явдал байтугай бүх зүйлд дасан зохицсон. Хуучны гудманд ихэвчлэн хоолны газар, дэлгүүр хоршоо, зоогийн газар, жимсний мухлагууд үйл ажиллагаа явуулж, тэдгээрээр есөн шидийн хүмүүс хөлхөлдөнө. Сониноос энэ нутаг мандаринаараа алдартай юм билээ. Мөн гахайн махыг том томоор нь мөчилж, хуйхалсан байхтай хаа сайгүй таарна. Аялагчид гэнэтийн алхалт хийгээд хөл ядардаг учраас массажны газрууд олон цагаар үйлчлэх нь нэн таатай.

Занжиажэгийн байгалийн үзэсгэлэнт тогтоц одоогоос 100 сая жилийн өмнө мезозейн эрин үед газрын хагарал үүссэний дараа бороо, ус, салхины үйлчлэлийн нөлөөгөөр үүссэн гэдэг. Газрын чулуут давхаргын үе нь шохойн болон элсэн чулуунуудаас бүрдсэн тул ус салхинд элэгдэн байгалийн өвөрмөц үзэсгэлэнт төрхийг олоход нь нөлөөлжээ. Хятадын нэрт сэтгэгч, яруу найрагч, уран зураачид байгалийн сайхныг бүтээлдээ тусгасныг тоочивч барамгүй. Хавцлууд далайн төвшнөөс үнэмлэхүй өндөр өргөгдсөн тогтоцтой. Энд бид хоёр хоноод гурав дахь өдрөө Тэнгэрийн хаалга орчихоод шууд хөдлөх гэнэ.

Буудалдаа орж усанд оронгуутаа хувцсаа сольж гангалцгаагаад хэсэг хэсгээрээ зугаалцгаав. Газар дорх захыг нь үзнэ, сүм рүү явлаа, гол орно, баар бараадъя гээд бутарцгаалаа. “Энд зун болжээ. Гэхдээ маргааш Аватар уул руу явахад бороотой байх нь ээ, та минь” гэлцэнэ. Замын нөгөө талд л өндөр өндөр барилга буйг харахад энэ хэсгийг ингээд л хуучнаараа байг гэж онцгойлон үлдээсэн байх магадлалтай. Мөн замын нөгөө талын томоо зогсоолын дээш өлийвөл хүмүүс cable car-аар зогсоо зайгүй зорчин байхуйд бид маргааш зорих газрынхаа хажууханд, газар зүйн хувьд их л зохимжтой газар буудаллажээ. Олон жил аялал зохион байгуулсан хүмүүс тэрийгээ мэдэлгүй дээ. Буудлаасаа гараад, сүм рүү явах залуусын багтай нэгдлээ. Автобусанд нээсэн “Залуусын баг” группийнхэнтэйгээ амьхандаа фракцлаж байгаа ухаантай юм уу даа. Бээжингээс автобус хүлээх явцад нэгэн сонирхолтой “дүр” олж харсан юм. Ерөөс аяллын биш, хар драпан пальто, кепкэн малгайтай зүгээр л ажил хэргээр онгоцонд зорчиж яваа мэт 50 орчим насны эрэгтэй, гэхдээ харьцангуй овор багатай. Тэрбээр “автобус-2”-оос манай унаа руу шилжлээ. Өнөөхийг харчихаад “Загалмайлсан эцэг юм уу, хаашаа юм” гээд бас л хоржоонтой хүмүүс шүү. Түүнтэй бор үүргэвч үүрсэн, халзан толгойтой залуу оровч гаравч хамтдаа. Үүргэвчнээсээ салнаа нэг байхгүй. “Алт эрдэнэс энэ үүргэвчинд бий” гэж зарим нь цаашлуулна. Хар хүрэмтийн туслах маягийн ажилтай хүн юм даг уу даа. Занжиажэгийн гудманд сүмийн багаа хүлээх зуур буудлын үүдэн дэх ширээнээ хэдэн пиво өрчихсөн, хоёр дахь автобусны хөтөч Төрөө тэргүүтэй залуустай өнөөх хамтдаа сууж харагдлаа. Ахиулаад харвал миний төрж өссөн нутгийн залуу байна. Монгол хүн байна даа, мэнд усаа мэдлээ. Дорхноо л танай ангийн тэр, манай ангийн энэ гэлцэж байтал “Залуусын баг”-ийнхан гарч ирээд, өнөөх хэдийг орхиод хөдөллөө. Бид чинь дөрвөн уулын дундах Улаанбаатартаа бол бараг километрийн зайд л унаагаа зайдалчихаад түгжрээд явдаг шүү дээ. Аяллын турш хийсэн их алхалтын эхлэл энд тавигдсан юм даа. Cable car-тай талбайн наахнуур дөтөлж гараад сүм рүү алхацгаав. Замдаа яаж зүгээр байхав, хаа сайгүй зургаа даруулсан шигээ алхацгаалаа. “Ариун сүм”-ийн шат өөд өгсөхөөс л аахилж эхлэв. Залуус зургаа авахуулцгааж, тэндээс уруудахад замд таарсан, завиар хүмүүс зугаалж буй Лэ Шуэ голын эрэг дээр орой сууцгаана шүү гэж тохироод буудалдаа ирцгээлээ. Буудалд ирсний дараа бүгд хэсэг хэсгээрээ хооллоод, голын эргийн дэргэдэх асарт тухлан, дуу хуур болцгоов. Голын цаадах гоёмсог өндөр байшингууд гэрлэн чимгээ зүүчихсэн чинь бүр сүр орчихож.

ШИЛЭН ГҮҮР

Занжиажэд ирсэн хоёр дахь өдрийн өглөө. Энэ өдөр “Шилэн гүүр” рүү явцгаана. Буудлын хойд талбайгаас автобусанд суугаад найман километр замыг туулж тийшээ очих юм байна. Жуулчид буудлын гаднаас борооны цув худалдан авав. Жилийн дөрвөн улиралд зөвхөн энэ цувнаас хичнээн мөнгө олдог бол доо гэсэн өлбөг долбиго бодол өөрийн эрхгүй төрөх юм аа. Хятад инженерүүдийн эл томоохон бүтээн байгуулалтын тухай сураг сонссон төдийхөн. 300 метрийн өндөрт, 430 метр үргэлжлэх бөгөөд зургаан метр зузаантай аварга эд юм аа. Энэ гүүрийн бүс нутгийн үзэсгэлэнт байгалийн хэсгийг 2009 онд “Аватар” кинонд ашиглаж байсан гэдэг. Тус гүүрээр айдас хүйдсээ даван алхах сорилт бидний аяллын анхны өдөр тулгарсан юм. Шилэн гүүрийг Занжиажэ уулын хоёр дахь хавцлыг холбох зорилгоор барьжээ. Гүүрний наад талбайгаас өнгийхөд л хүмүүс шоргоолж шиг бужигналдана. Шилэн гүүрэн дээр ийм их хүн явна гэж бодохоор л дотор эвгүйцдэг юм билээ. Нэг удаадаа 800 хүн зорчиж, өдөрт 50 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Олуулаа яваа жуулчид гүүрний наад талбайд бөөгнөрч зургаа даруулцгаана. Анх хөл тавихад дотор эвгүйцэм ч жуулчид хээвнэг дээш өлийн, бичлэг хийж явахыг харахад нэг муу нэрэлхүү зан хөдөлмөр аядана. Аватар уулын үзэсгэлэнг ийн дээрээс тольдохдоо аажмаар нүдээ дасгаж, уулын хажуу энгэрээр эрийлгэж, мушгиралдуулан барьсан замаар уруудах нь тодорхой болов. Манайхан үсэрч, хэвтэн суун эсэн бусаар л зургаа авахуулж байна. Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн хамт олон энэ үед бидэнд нэгэнт зорьж очсон газраа цаг хугацаанд хавчигдахгүйгээр тухалж, тааваараа ажиглалт хийх боломж олгож байлаа.

Хадат өндөр уулнаас хүржигнэн урсах хүрхрээ, гайхамшигт тогтцуудыг анхааралтай ажиглаж, уулга алдацгаасаар эргэж байрандаа цуглацгаалаа. Энэ алхалт ямартаа ч гурван цаг орчим үргэлжилсэн байх. Үзэж харах зүйл мундах биш дээ. Цаг хугацаа хүүе гэхийн завдалгүй өнгөрнө. Жуулчид зугаалахтай зэрэгцээд битүү камержуулалттай зам харгуйн хаа нэгтээ хятад хүмүүс бөгтөгөнөөд ажиллаж харагдана. Энэ олон хүний урсгалтай газрыг үргэлж засч торддог нь илт. Биесээ хүлээх завсар зам зууртаа амралтын цэгт мөн л таарах хоол, зуушнаас хүртэцгээв. Энд өндөр үнэтэй зоогтой ресторан, мөн 10-20 юаньд өлхөн цадчихаар бүхий л сонголт байх аж. Автобус товлосон цагтаа биднийг ирж авснаар буудалдаа очицгоов. Эл өдрийн аялал хүн бүхний сэтгэлийг сэргээж, Занжиажэ гэгч нь нэг удаагийн ирэлтээр бүгдийг нь мэдчих төсөрхөн газар биш гэдгийг бэлхнээ гэрчиллээ. Орой нь бүгд хооллох завсраа бие биетэйгээ албан ёсоор танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг зохион байгуулагчид олголоо. Маргааш Тэнгэрийн хаалгаар диваажинд хүрцгээнэ. Хоёр өдрийн үзвэрт хүний 600 юань хураасан. Бид бороотой өдөр очсон учир гадаадын иргэд заавал амь насны даатгалд хамрагддаг юм байна. Ер нь тухайн өдрөөс шалтгаалж үнэ ханш зочид буудлуудтайгаа адил хэлбэлздэг гэлээ.

ТЭНГЭРИЙН ХААЛГА

Холливудын нэрт найруулагч Жеймс Камерун анх өөрөө энэ газарт аялж, гайхамшгийг нь мэдэрсэн гэдэг. Нэрт найруулагч байтугай бүхий л хүний тархинд элдэв дүрслэл буулгах үлгэрийн мэт ертөнц юм аа. Дэлхийн жуулчдын заавал аялах 20 газрын нэгд багтсан гэхээр нэмэлт тайлбар илүүц биз ээ. Тэнгэрийн хаалга үүлэн дунд орших агаад эхийн умайгаар дамжин ертөнцийн гайхамшгаар гарахад аливаа хүн дахин төрсөн мэт болдог тухай өгүүлнэ. Ялангуяа шинэ он тоолол солигдоход ийшээ хүний урсгал замбараагүй нэмэгддэг тухай нутгийнхан ярина. Тэнгэрийн хаалга хүргэх умай хадны бэл хүртэл автобусаар, эсвэл кабель замаар дөтлөх хоёр арга бий. Аль аль нь гайхалтай мэдрэмж төрүүлэх хэдий ч уул, хад ороосон замаар бага оврын автобусаар 99 нугалаа замаар сүлжиж, давхилдах нь аялагчийн сэтгэл зүйд онцгой нөлөөлдөг юм билээ. Ийм экстрим төрлийг ихэнх нь сонгодог. Харин жин ихтэй ч юм уу, алхах дургүй хүмүүс бол агаарын замаа л бараадсан нь дээр юм билээ. Замын нийт урт 7455м, далайн түвшнээс дээш 1279м өндөрт оршдог 98 бүхээгээр хот ба уулын хооронд хүний урсгал тасралтгүй хөвөрнө.

Бэл хүртэлх чулуун шатаар өгсөх явцад хэдий бороотой ч жигтэйхэн халууцаж, усан хулгана болтлоо хөлөрч эхэллээ. Огт алхалт хийдэггүй хүмүүст бол амьсгаа задлаад нэн таатай. Ийшээ огцом хурдтай өгсвөл бие махбодио ядраахаас хэтрэхгүй. Эхийн умайнхаа урд учиргүй баяр хөөртэйгөөр зураг хөргөө авахуулцгаалаа. Түр зуур амьсгаа дарж, орчин тойрноо ажиглах зогсоол, бие засах газар, хоолны цэгүүдийг тохиромжит цэгүүдэд байршуулжээ. Үүнээс хойш ер нь энэ амрах хэсгийг дурсахаа больё доо. “Хаа сайгүй л ийм супер” гээд бодоход хангалттай. Ийм байж гэмээнэ дэлхийн олон орны жуулчдыг татдаг байх, энэ улс.

Үйлчилгээний ажилтнуудын харилцаа бас супер. Эхийн умайгаар гарангуут дээш өгсөх зам нь цахилгаан шаттай агуй байв. Хэдэн ч уулыг нүхлээд урсдаг шат хийчихсэн юм бэ. Цахилгаан шатаар өгсөхөд хоёр талын ханан дахь дэлгэцээр Аватар ууланд зураг авалт хийсэн уран сайхны кино, клип, гаднын оддын зурагтай зар сурталчилгаанууд хөвөрнө. Хөгжмийн хэл хүн төрөлхтний сэтгэл оюуныг нэгтгэдэг нь юутай үнэн. Тухайн цаг үетэй давхцан сонгодог аялгуутай төгс хослох уянгалаг дуу хоолой үдлээд буцах амьдралын үнэт торгон агшнуудыг хүүрнэх мэт эгшиглэнтэй. Диваажин гэж үүнийг л хэлэх болов уу хэмээх мэдрэмжийг энэхүү үнэмлэхүй өндөр, үзэсгэлэн төгс газар өөрийн биеийг тушааж гэмээнэ мэдрэх болов уу. Үүлэнд саатах агшин бүхэнд өнөөх борооны цув хэргээ гаргана даа. Дараагийн аялагчдад сануулахад хэдийгээр хүн болгонд улавч өмсгөдөг ч аль болох хальтирч гулгахааргүй ултай гутал сонгох нь зүйтэй юм билээ.

Хятадууд их хөдөлмөрөөрөө үүнийгээ бүтээсэн учраас л сүсэглэдэг болов уу гэж бодсоныг батлах зөндөө шалтгаан байна. Өөрсдөө үлгэр домог, дэг жаяг, сүсэг бишрэл зохиогоод явчихдаг бололтой. Гэхдээ хэтийдсэн нэг яриаг дурьдвал, аяллын ахлагч Ангараг ч бас л “цуурхай” залуу шүү дээ. “Эд нар Диваажингийн хаалгаар гарах өдрөө хүүхэд “хийвэл” өнөөх бол ёстой гоц амьтан төрдөг гэсэн шүү” гэж авдаг юм.Ингэж хэлэх агшинд зам зуур могой шиг биесээ ороочихсон, өөрсдөөсөө бусдыг огтоос огоорох шинжгүй залуу хосууд таарсан дүр зураг амилах нь тэр. Аль хосуудыг тэр гэх вэ дээ. Ийм л хөгжилтэй хүн дээ. 66 аялал зохиож, “үхэхээс бусдыг үзсэн” мань эр хятад хүмүүстэй хөгжилтэй нь аргагүй булуугаа халааж харагддаг. Өнөөдүүл нь цаашлуулаа биз ээ. Манайхан буудалдаа эргэж ирж, хувцсаа сольцгоогоод Диваажингийн хаалгаар гарсан шокноосоо гарч амжилгүй Бээжингээс сэлгэсэн автобусандаа сууж Гуанжоуг зорилоо.

“CANTON FAIR” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЭСГЭЛЭН

Зам зуур автобустайгаа хонохыг одоо ер тоохоо больсон. Миний хувьд гэрээс гарч гэдэс алдах дургүй, энэ 76 дотроо хамгийн юм үзээгүй хүн бол мөнөөс мөн. 2017 онд ажлын шаардлагаар бүтэн зунжин Хятадад өнжихдөө голчлон Өвөрмонголын нутаг хошуудтай танилцаж, аялагч болох мөрөөдөл тээсэн “жижиг гар” байгаа юм. Гуанжоуд мөн л үд өнгөрөөж ирлээ. Боломжийн, авангард тохижилттой, өөлсөн хүнд жаахан гэрэл гэгээ муутай, хотын төвд л лав биш болов уу гэмээр буудалд төвхнөцгөөлөө. Аялалд яваа хүмүүс цагийг аль болох зөв ашиглахыг эрмэлздэг нь илт. Усанд оров уу, үгүй юу л Бээжин Лөү зах руу явцгаая, маргааш эксподоо очихдоо ажил хэрэгч хувцаслана шүү гээд л wechat группээрээ шаагилдаж эхлэв. Тодорхой.

Дүү охин, хүү хоёртойгоо зочид буудлын дэргэдэх метроны буудлаас хөдөллөө дөө. Гуанжоу дахь Бээжин Лөү захад юм юм байна аа. Тэр тусмаа Хятадын тэргүүлэгч гол брэндүүд нэг дор төвлөрчээ. Манайхан чинь энд ирэхээрээ юанийн ханшинд “эрхэлчихдэг” юм байна. “Үнэтэй байна” гээд л ширэв татна. Хаврын хавсарганд гараад халуун газар ирчихсэн хүн чинь хүүдээ хоёр пүүз нийлүүлээд 238 юаниар авчихсандаа айхтар баясав. 100 хүрэхгүй мянган төгрөгөөр хэн хоёрын хоёр пүүз авах вэ дээ гэсэн шүү юм бодогдоно. Хүүхнүүд үнийг нь сонсоод “биш ээ” гэж байна. Үүнээс хямдхан байх ёстой аж. Гайхамшиг. Эхний өдөр ийнхүү өнгөрлөө. Гэтэл манай хэд бужигнуулжээ. “А copy” зардаг хүн сэмхэн дуудаж аваачаад зөндөө гоё ганган цүнх, гутал хувцас маш хямд авсан л гэнэ. Хаана ч нэг аргыг олчихдог хүмүүс байх юм. Бээжин Лөү захыг хэдэн өдөр ч туулж барахгүй л дээ. Нэгийг авбал тэд, хоёрыг авбал төд гэх зарчим үйлчилнэ. Гэгээ тасарсан атал дэлхийн олон орны хүмүүс энэхүү захаар хөлхөлдөж л байх юм. Гуанжоу дахь захыг тоолж барахгүй. Үйлдвэрлэлийн голомтонд ирсэн хүмүүст их хэмжээний бараа худалдан авбаас Монгол каргонууд ч олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж дархлагджээ.

Ихэнх хүмүүсийн гол зорилго болох Canton fair олон улсын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэллээ. Дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдааны барилга нь Гуанжоу хотын нүүр царай болсон томоохон бүтээн байгуулалт юм. Кантон нэрээр дэлхийн худалдаачид, үйлдвэрлэгчдэд танигдсан Олон улсын техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нь 1957 онд анх зохион байгуулагдсан. Нийт 713000 мкв талбайг эзэлдэг. Дотоодын 30 гаруй мянган аж ахуйн нэгж, дэлхийн 200 хол давсан улсын иргэд ирж худалдаа хийдэг.

Хүү маань аяншаад нам унтахад би арга буюу түүнтэй үлдэж, дүү охин үзэсгэлэн рүү явлаа. Тархи амарчихсан гэж бодсон хүн чинь нэг л биш ээ. Найз нөхдийн аминчлан захьсан ганц нэг үйлдвэр нүдэнд харагдаад, өдрийг хэцүүхэн л өнгөрөөв. Энэ завсар хүүтэйгээ буудлын ойрмогхон газраас пицца, бургер авч хооллов. Өчигдөр орой нь хүмүүс буудлын зүүн талд янзын сайхан амттай банштай шөлтэй газар олсон тухайгаа ярьж байсан. Үүнээс хойш аяллынхны ихэнх нь хотон гэр бүл ажиллуулдаг уг газраас салаагүй юм.

            Wechat-аар үзэсгэлэн тарж байгаа тухай яриа эхэлж, дүү маань ч жижиг чемодан дүүрэн каталогитой ирлээ. Маргааш нь ч дүү ахиад л баахан каталогитой ирэв. Гуанжоуд ирсний дараа л хамт аялж яваа хүмүүс маань бүгд тус бүрийн ажилтай явааг ойлголоо. Өөрсдийн эрхэлдэг бизнесийн дагуу тоног төхөөрөмжөө өргөтгөх, шинээр худалдан авах зорилготой ирцгээжээ. Бие биенээсээ асууж сураглаад гүйлдэнэ. Нийт танхимыг үзнэ гэвэл бүтэхгүй. Тийм учраас чиглэл чиглэлээрээ явцгааж байв. Хаалтын өдөр үзэсгэлэнг зорьж үзэхдээ ёстой нөгөө мянга сонсохоор нэг үз гэдгийг мэдэрлээ. 150 юань төлсөн байхад бүхий л танхим таны өмнө нээлттэй.Зөвхөн хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг хараад л ангайж хоцорсон.

Манайхан форумдаад л суудаг улс. Бодит хөдөлгөөн, алхалт хийж сурах хэрэгтэй байна. Нийслэл, орон нутагт болдог тэр их форумын зардлаар нэлээд хэдэн боломжийн хүнсний үйлдвэр худалдан авч, олон хүнийг ажлын байраар хангаж болохоор аж. Бас төрийн гэх хүмүүсийн аялж зугаалж, илтгэл тавьж явдаг тэр их зардал, ЖДҮ нэрээр хумсалсан 64 тэрбумаар тоног төхөөрөмж авчраад иргэддээ урт хугацааны зээл олговол мөн сайхан аа. Аймгуудын удирдлагууд жилдээ хэдэн хүн дагуулж очоод судалгаа хийдэг л байж таарна даа. Энэ тухай МҮИТ-ын тэргүүн Б.Ангарагаас асуухад “Хэдэн жилийн өмнө нэг аймгийн удирдлагуудтай явж үзсэн. Тэд нар mall л оръё гээд байдаг юм аа” гэв. Монгол дэлхийн брэндүүдийн зөвхөн нэгийг оёдог улс болоход хангалттай мэт. 11 сая хүнтэй Гуанжоугийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид бидний өөдөөс ямар л бол ямар нөхцлөөр ав гэсэн шиг англиар ярьж, ярзайтлаа инээж байна. Хэн сэргэлэн, санаачлагатай нь цагийг үр дүнтэй өнгөрөөх нь мэдээж. Хүссэн зүйлээ оллоо гэх хүмүүсийн үгийг сонсох хамгийн сайхан байлаа. Тоног төхөөрөмжийн экспо үзэх шаардлагагүй нь Гуанжоугийн захуудыг гүйцээсэн байх. Оёдлын салбарынхан ихэвчлэн материал зардаг өөр захаар орсон байх жишээтэй. Ихэвчлэн бороотой ч, даарахын зовлонгүй. Бүлээн бороо зүсэрч, халуун хөлс урсаад л байх нь тэр. Зарж буй хувцаснуудыг барьж үзэхэд бага зэрэг чийгтэй нь мэдрэгдэнэ. Монголчуудын ихэнх зорьж очдог Байду захын лангуу бүрт хөөрхөн охид хааш яйш газраар шидэлсэн хувцаснууд дээрээ зогсчихоод моделийн үүрэг гүйцэтгэнэ. Энд хаашдаа өвөл болдоггүй тул улирал нь дөхөхөөр өвлийн хувцас харьцангуй хямд байдаг гэнэ. Үйлдвэрийн хот, дээр нь хүн ам ихээр суурьшсан гурав дахь том хот тул үргэлжийн нүргэлсэн дуу чимээ нь чихэнд чийртэй. Тэнгэр баганадсан барилгаараа дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг Гуанжоугийн хувьд 18 цагийн үед ид ачаалал, бөглөрлийн үе ч гэлээ метронд тэр олон хүн чимээгүйхэн, эмх замбараатай урсаад өнгөрнө.

УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ

Хоёр дахь өдрийн орой бид Гуанжоу хотын аялал жуулчлалын бас нэгэн сонирхолтой бүс болох “Сувдан гол”-оор усан онгоцоор зугаалцгаав. Гуандун муж Их Британийн колоничлолд байсан. Их Британи зэргэлдээх хотуудыг аж үйлдвэрийн колони болгож хөгжүүлсөн түүхтэй. Гадаад их далайтай залгаа учир Гуанжоугийн Сувдан голыг ашиглаж усан замын тээвэр хийж, бараа таваар, цагаан будаа тээвэрлэх гол гарцаа болгож байв. “Сувдан гол”-ыг Гуанжоугийн хөгжлийн түүчээ гэлцдэг. Голын эрэг дагуу 100 жилийн өмнө цахилгаан станц байсан нүсэр байгууламжийг жуулчид үйлчлүүлдэг баар, цэнгээний газар болгон тохижуулсан нь үргэлжийн хөл хөдөлгөөнтэй. Гуанжоу хотын ард иргэдийн амжиргааны эх сурвалж, нулимс, баяр хөөрийн илэрхийлэл түүхэн дурсгалт газрууддаа маш хүндэтгэлтэй хандана. Сувдан голын эрэг дагуух бүтээн байгуулалтууд жуулчдын сонирхлыг татдаг. Кантун тауэр хэмээх эмэгтэй хүний бэлхүүсийг бэлгэдэж хийсэн гоёмсог барилгыг 600 сая доллар зарцуулж босгожээ. Тус цамхгийн бөөрөнд рекламууд гэрлэн чимэглэлийн тусламжтай хөвөрнө. Мөнгөтэй аялагчид “Сувдан гол”-оор усан онгоцоор аялахдаа “Би чамд хайртай” гэх үгийг цамхгийн гэрэлт сурталчилгаанд сийлүүлж сюрприз барьдаг гэнэлээ. Үүний төлбөр нь нэг сая юань. Сувдан голын аяллын үнэ 70-80 юань. VIP зэрэглэлийнх мэдээж үнэтэй. Зугаалахад хоёроос гурван цаг зарцуулдаг. Хөлгийн тавцан дээрээс орчин тойрноо ажиглангаа буфет хоол, уух зүйлс захиалаад, хүсвэл нэгдүгээр давхрын тохилог буйданд тухлах боломжтой. Бид ийнхүү Гуанжоу хотод дөрөв хонов.

“ДЭЛГҮҮРЭН ХОТ” ИЙВҮ

Гуанжоугаас Ийвү рүү хөдөллөө. Замдаа нэг хоносон байх. Гуанжоугийн буудлаас унтлагын автобусандаа суухад их л дотно санагдах бололтой юм аа. Хөлийн улаа хавдтал явсан хүмүүс чинь “Амарна аа” гээд л автобус руугаа харайлаа. Ийвү хот хөдөөний тарчигхан тосгоноос үйлдвэрлэлийн төвлөрсөн хот болтлоо хөгжсөн. Шанхайн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн “Тахианы өд” кинонд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлдэг. “Эко” телевизээр тус киног өдөр алгасахгүй үзэж байсан болохоор санасныг бодоход төсөөлөл ихтэй байв. Мэдээллийн хэт хөөсрөлд автсан энэ цаг үед бидний уураг тархинд нэн хэрэгцээтэй энэ мэт киног хүн бүхэн үзэж амжихгүй нь харамсалтай. Дэлхийн жижиг барааны төв болсон Ийвүгийн худалдаачдын ёс зүй, чин үнэнч хөдөлмөр, эрсдэл, тэсч, тэмцэж буй гашуун сургамж, амьдрал, хайр дурлалын тухай цувралын дундаас нь хаяад ийшээ зүглэсэн.

Орчуулагч Зулаагаар эл хүмүүс бодит эсэхийг тандуулахад хятадын сонин хэвлэлд Ийвүгийн 10 баян эмэгтэйд түүний нэр дурьдагдсан байх агаад нутгийн оршин суугч ч түүнийг бодит хүн хэмээв. Бөөн баяр. Кино продюссер, Хөх хотод амьдардаг Ү.Хас гуайгаас танилуудаараа дамжуулаад энэ хүнтэй холбоод өгөөч гэхэд тун уриалгахан байна. Орчуулагч Зулаагийн хэлснээр сүүлийн жилүүдэд эмэгтэйн бизнес маруухан байгаа гэж сонссон болохоор ярилцлага өгөх болов уу даа хэмээн эргэлзэнгүй. Зулаа бид хоёр Ийвүгийн Шангрилад зугаалж яваад санамсаргүй өвөрмонгол эмэгтэйтэй танилцсан юм. Түүнээс үгийн солиогүй өнөөх эмэгтэйн тухай асуулаа. Бас л бодит хүн хэмээв. Эмэгтэй хар багаас Ийвү хотод амьдарсан тул монгол хэлийг бараг мартсан гээд орчуулагчтай хятадаар ойлголцоно. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэж тэр эмэгтэйн гоёлын зүүлтний дэлгүүрүүд хотын төвөөр байдаг тухай дуулгав. Алагнүдэн гэх эмэгтэйтэй утасны дугаар, wechat хаягаа солилцлоо.

Хятадын 30 жилийн реформ Ийву хот гэдэг. Дэлхийн хот гэх нь ч бий. Унтлагын автобустайгаа Ийвуд ирж, буудалдаа орцгоохдоо хятадын тосгон гэхээсээ европын аль нэг хотод ирчихсэн мэт санагдана. Хаа сайгүй карго, байшин бүрийн дор дэлгүүр, буудлын зүүн талд маргааш нь бидний үзэх Ийвүгийн олон улсын худалдааны төв харагдана. Ардхан талд нь Шангрила зочид буудал сүндэрлэжээ. Шанхай хот 200-аад километрийн цаана бий.Буудлын гадаа дэлгүүр, дэлгүүрийн бөөрөнд байрлуулсан угаалгын машинд манайхан таван юань төлөөд замын тоосоо гөвж гарав. Маргааш үзэсгэлэнгийн танхим орчихоод, захуудаар явж бөөний бараа сонирхох тухай ярьцгаана.

 Орой нь Ангарагийн багийнхны эртний танил Шинжан уйгур хоолны газар шорлог идэж, түүнийгээ шар айргаар. Өдийг хүртэл хамтдаа явсан аялагчид хэзээний нэг хамт олон шиг дотносчээ. Нөгөө ганган “Загалмайлсан эцэг” биднийг дайлна гэж сандаргав. Хүмүүс “Яах гэсэн юм бэ, бүгд хувааж төлнө”, өнөөх “Үгүй ээ, би даана” гэсээр олонхийн саналд дийлдэв. Бидэн дундаа хамгийн бийлэгжүү нь гэж түүний тухай мэдэмхийрцгээнэ. Үүргэвчтэй залуу мөн л дэргэд нь сууж харагдана. Гуанжоугаас Ийвү хөдлөхөд автобусны урд эгнээнийхэнтэй бүр ээнэгшчихсэн, дуулалдаад л явахыг харвал мань хүн бас л хүчирхэг харизмтай эр аж. Үхэр, гахай, тахиан шорлог, тэндхийн бин маш амттай, бас хямд. Ийвүд мөн дэлхийн бүх төрлийн хоолыг идэж болохоор. Идэхэд нийцтэй Орос хоолны газрууд хаа сайгүй.

Ийвү бөөний худалдааны 11 чиглэлийн зах, 74 мянган дэлгүүртэй.  Дэлхийн жижиг барааны бөөний худалдааны төв зах нь 4.7 сая км талбайтай. Өдөртөө 210 мянган худалдаачид хүлээн авч, 220 гаруй мянган орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдээс 1 сая 700 мянган төрлийн жижиглэн бараа, түүхий эдийг худалдаалдаг. Гаалийн бүх үйлчилгээ, олон улсын ложистикийн төвөөр өвч тоноглогджээ.  Дэлхийн топ 20 бараа хүргэлтийн компаний 19 нь Ийвүд оффистой. Гадаадын 3100 аж ахуйн нэгжийн оффис, бизнес салбарын 13000 байнгын оршин суугчтай. НҮБ-ын худалдан авалтын мэдээллийн төв, гадаад явдлын яамтай. Шинээр байгуулагдсан импортын жижиг барааны төв нь 100 мянган км талбайг эзэлж, 82 орны 45 мянган төрлийн жижиглэн барааг нэг дор төвлөрүүлжээ. Ийнхүү зкспорт, импортын хот болж өргөжсөн байна. Үнэт чулуу, шил шаазан, бөс бараа, авто сэлбэг, хүүхдийн тоглоом, хэвлэл зэрэг олон мянган гол үйлдвэрлэлийг босгож инновацийг нэвтрүүлжээ. 2005 онд НҮБ, Дэлхийн банк, Morgan Stanley “Ийвү чайна” төвийг “Дэлхийн хамгийн том жижиг барааны зах” гэж албан ёсоор зарлажээ. Өдөрт 1500, жилд 576000 мянган стандарт контейнерүүдийн хэмжээтэй бараа бүтээгдэхүүн экспортод гаргаж байна. Бизнес туризм, амьдрах таатай орчинг бий болгосон энэ хотын хөгжил 1991 оноос эхтэй. Цаашилбал, онлайн худалдаа, бараа түгээлтийн орчин үеийн арга барил хэрхэн төлөвшиж буйг “Тахианы өд” кинонд өгүүлдэг.

Ирсэн өдрөө л бид хотыг сонжиж, цаг алдахгүй гудамж, зээлээр хөндлөн гулд туучсан. Манайхны хэлснээр онгироо хот юм. Учир нь барилга бүрийн дор дэлгүүрүүд шигүү байршиж. Гоёл чимэглэлийн зүйлс худалдаалах урт гудамжинд нэг дэлгүүрт нэг л зүйлс, гэхдээ нэг өнгөөрөө төрөлжинө. Цэнхэр чулуун эдлэл, улаан чулуун эдлэл, сувдан эдлэл гэх мэтчилэн. Эсвэл чихмэл тоглоом, бэлэн хувцасны нэмэлт шигтгээ гээд л…Хоёр дахь өдрөөс нь Ийвүгийн үзэсгэлэн худалдаа, тэндээсээ захуудаар явцгаав. Манайхан барааг харин ч нэг “дардаг” юм байна. Аргагүй шүү дээ. 1990-ээд оноос ганзаганд явсан улс, Ийвүг аль хэдийнэ нүхэлсэн байлгүй. Бусад улсын карго байшин бүрийн дор байхад монголынх гэж лав үзэгдсэнгүй. Өвөрмонгол эзэнтэй карго монголчуудын барааг Эрээн рүү асуудалгүй хүргэдэг юм байна. Наймаачдын хөдөлмөр хүнд аж. Бид хэдхэн хямд бараа авах гэж олон мянган км туулахгүйгээс хойш. Найз бүсгүй үстэй таавчик захьсан юм аа. Ширхгээр авбал эндэхээс мэдээж үнэтэй. Бөөнд нь авбал санаанд оромгүй хямдарч байна. Гэхдээ 900 ширхгийг, зөвхөн нэг өнгөнөөс нь өгөх гэнэ. Бид ч ингэж л наймаалцана даа. Хуучин зах нь харьцангуй уян хатан. 100-200 ширхгээр нь онцгой хямдруулж байв. Зарим эд барааг ширхгээр нь авсан ч бидэнд хямд тусна. Жишээ нь, энд зуу гаруй мянгаар худалдаалдаг хүүхдийн чанартай даашинз тэнд нэг бүрийн үнэ нь 30-40 юанийн үнэтэй. Бас л хэн сүйхээтэй, яриа хэлэлцээрт давамгай нь барааг хямдруулж авна. “Ийвүгийн зүрх” гэдэг зах аяллынхны амны уншлага болсон. Тэндээс л худалдан авалт хийцгээх нь элбэг. Барилгын материал, эмийн тоног төхөөрөмж, чацарганы капсул, бөс бараа, шүдэнз хүртэл хайсан хүмүүс байв. Барилгын нэмэлт тоног төхөөрөмж, гоёл чимэглэлийг энэ дэлхийн хаанаас ч байхгүй хямд үнээр худалдан авах боломжтой юм.

Дэлгүүрэн хоттой дөрвөн өдөр танилцах мөн л хангалтгүй. Ийвү аргагүй хямд бараатай хот гэдэг нь мэдрэгдэнэ. Эндээс Шанхай руу хөдлөх болсон чинь ачаа тээш бараг зургаа дахин нэмэгджээ. Гэхдээ эрчүүд нь шалавлаад, яаж ийгээд автобусныхаа тээшинд багтаав.

“Тахианы өд”-ийн гол дүр Лөү Үй Жүтэй уулзах боломжоос атгаж тавьсан байдалтай байсаар ийнхүү хөдөллөө. Монголдоо ирээд киног үргэлжлүүлж үзэхдээ түүнтэй таараагүйдээ харин ч олзуурхаж билээ. Учир нь дунд үеэс төгсгөл хэсэг хүртэл баяжсан хүнд тохиолддог санаанд оромгүй бэрхшээл, адал явдлууд тохиолдож байна. Эцэст нь гол дүрийн хоёр баатар ууланд амар амгалан амьдрах боловчиг хүүхдүүддээ туслахаар ажил хэрэгтээ ханцуй шамлан орж буйгаар кино өндөрлөв. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг энэ дээ. Товчхондоо бол наймааны нарийн ухаантай, увайгүй нэгэн бизнесмен эр тэднийг хоёр үеэр нь давж гарахыг оролддог юм л даа. Харамсалтай нь Чэн Жянь Хө бөгөөд Лөү Үй Жү бүсгүйн нөхөр бэрхшээлд хэзээ ч сөгддөггүй, бизнест үнэнч байдлыг эрхэмлэдэг эр. Тэдэнд ууссан энэ чанар олон улсын худалдааны төв болоход нөлөөлсөн болоод амьдрал нь кинонд тусгагдсан болов уу. Одоо л нэг зав гарахаараа Ийвү орж, Лөү Үй Жү хэмээх хүчирхэг бүсгүй ажил хэргээ хэрхэн үргэлжлүүлснийг сонсмоор байна. Эдгээр дүрийг амилуулсан эрэгтэй жүжигчин Жиан Зэ, эмэгтэй жүжигчин Еэнь Тао нар Шанхайн кино фестивалиас шилдэг дүрийн шагналыг тус тус хүртсэн байналээ. Хүү Ихэрбилэг, дүү Оюунцэцэг бид гурвыг ийнхүү хүн хайгаад явахыг сонссон Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн тэргүүн Б.Ангараг “Ямар сонин эрэлхийлэлтэй хүмүүс вэ. Сайхан санагдаж байна” гэж билээ.

  ШАНХАЙН АВТО ЭКСПО

Шанхай бол Хятадын мужийн дөрвөн том хотын нэг. 25 орчим сая хүн амтай. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг. 1990 оноос эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь эрс хурдацтай хөгжин, 2005 онд дэлхийн хамгийн том боомт болсон. Хурдацтай хөгжиж буй Шанхайг соёл урлаг, дизайны төв гэдэг. Шанхайд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгүүдийн үеэр мэдээж жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.

ШАНХАЙН АВТО ЭКСПО

Шанхай бол 25 орчим сая хүн амтай. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг. 1990 оноос эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь эрс хурдацтай хөгжин 2005 онд дэлхийн хамгийн том боомт болсон. Эл хотыг соёл урлаг, дизайны төв гэдэг. Шанхайд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгүүдийн үеэр мэдээж жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.
Ийвүгээс бид бараг оройн 22.00 цаг орчимд хөдөлсөн. Ийвүг хөндлөн гулд туучсан учраас зарим нь хөл, нуруундаа наалт нааж харагдана. 4 сарын 11-нд Эрээнээс хөдөлсөн бол 4 сарын 24-нд Шанхайг зүглэлээ. Ихэнх нь нам унтав. Унтлагын автобусны цонхоор гэрлэн солир буух мэт өнгө өнгөөр алаглах нь Шанхай хот руу ороод ирснийг илтгэнэ. Их хотын шөнийн дүр төрх мишээж, өндөр сүрлэг гүүрэн замуудаар бид давхиж явна. Өргөн уудам зогсоолд ирсэн нь Шанхайн авто экспо болж буй танхимынх аж. Энэхүү зогсоолын зүүн талд метроны буудал харагдана. Шөнийн гурван цагийн орчимд ирсэн ч гаднаа цэлийсэн гэрэлтэй. Зарим хүмүүсийн нойр хулжсан бололтой, тэрхүү зогсоолын бие засах газар руу зүглэцгээв.Аяллын турш хамт явсан ээж, охин хоёр, Халиун бид хэд түрүүлж бие засах газар орчихоод соёлын шоконд орлоо. Зогсоолын баруун эгнээнд байрлах эл бие засах газрууд гаднаас нь харахад том оврын, гэр бүлийн аяллын автобусны бүхээг шиг хэлбэртэй, дотор нь ороход угаалтуур, бие засах 00-тойгоос гадна сонгодог ая эгшиглэж байна. Электрон жорлон юм уу даа. Хөөрхий дөө, хүн чинь дутагдаж, гачигддаг зүйлсээ л илүү анзаарч явдаг амьтан бололтой. Ихэнх нь сэрж, биеэ засчихаад эргээд унтаж харагдана.Зүсэр бороотой Шанхайн тэнгэр дор өнөөх хэдэн “шар шувуу” дуусдаггүй яриагаа өрнүүлээд гадаа суучихав.Гол зорилго Шанхайн автоэкспог үзэх байтал үүр цайнгуут автобусны урд эгнээний, хаана ч мөнхийн гоёороо явдаг хэдэн бүсгүй нүүрээ гоодож эхлэв. Хамтдаа л явж харагддаг тэдгээр бүсгүйчүүд санаанаас гарахгүй юм. Ганган дэгжин, тэрүүхэндээ ялдам ааштай эмэгтэйчүүд хаана ч эв нэгдлийн гагнаас болох юм даа.

Тэд Шанхай тауэр, зарим нь Диснейлэнд орно гэв. Хоёрдугаар автобусныхан нөгөө талын зогсоолд саатсан бололтой. Бид хүүхэдтэй яваа тул Диснейлэнд орох хүмүүстэй нэгдлээ. Зогсоол дахь метроны буудлаас хоёр дамжаад Диснейлэндэд хүрлээ.

Диснейлэндэд ирэнгүүтээ дугаарлаж, тасалбар авав. Тэнгэр бүрхэг учир тасалбар хямдралтай байна. Өглөө эрт гэхэд хүн пиг. Хүүхэд 300 юань, том хүн 400 юань. Ингээд орчихсон байхад цаг л хүрэлцвэл хүссэн бүх тоглоомоо тоглоно. 14 цагт автоэкспоны талбайдаа уулзах ёстой учир шалавлахгүй бол горьгүй. Бид уулзах цагаа товлоод тарцгаав. Тоглоомуудад дугаарласан хүмүүсийг харахад халшрам. Гэхдээ оочер хурдан явж байна аа. Бид гурав алсыг харагч, галзуу хулгана, автомат тоглоомоор тоглоод цагаа хартал нэлээд дөхчихөж. Өлсөж байна. Хоол, ундаа, бургер бүгд нэлээд үнэтэй юм. Хооллоцгоогоод гудам руу хартал хүмүүс гудмын хоёр талаар ирийгээд зогсчихож. Үлгэрийн баатрууд ирэх цаг айсуй.
Шанхайн Диснейлэнд парк шинээр өргөтгөл хийж, Уолт Дисней компанийн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох “Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноны тусгай бүс байгуулсан байна. “Зэрлэг амьтдын хот” төсөл нь паркийн хоёр дахь том хэмжээний өргөтгөл бөгөөд найм дахь сэдэвчилсэн тусгай бүс болжээ. Дэлхийд тус хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн тоглоомын тусгай бүс байдаггүй. Энэхүү бүтээн байгуулалт нь анхных гэдгээрээ онцлогтой. Паркийг 2016 оны зургадугаар сард нээсэн бөгөөд энэ цагаас хойш хэдэн арван сая үйлчлүүлэгчийг хүлээн авчээ.

 

Уртаас урт гудманд үлгэрийн баатрууд амьдаар гарч ирэхийг харахул хүүхэд байтугай хөгшчүүдийн сэтгэл хөдлөм. Урт нарийн гудам руу хүүхэд, томчууд утсаараа бичлэг хийнгээ гүйлдэж харагдана. Ёстой л үлгэрийн ертөнцөд ирсэн мэт. Үлгэрийн баатрууд амилсан мэт санагдаж, хүүхэд багачууд хөхин баясна. Хайртай үлгэрийн баатруудаа хараад орилолдоод байх нь тэр. Нэг үлгэрийн баатрууд гарч ирэхэд брэнд дуу нь эгшиглэнэ. Нөгөөх явахад аанай л адилхан. Гэхдээ яаж ингэж ая эгшгийн давхцал үүсч, замбараагүйтэхгүй үргэлжлээд байгаа ухааныг нь олсонгүй. Ээж нь автомашин сонирхохгүй тул миний хүү ийнхүү хамт явсан хүүхдүүдийг бодвол Диснейлэнд үзэж амжлаа. Аялагчид Диснейлэнд хүүхдүүддээ үзүүлнэ гэвэл бүтэн хоёроос гурван өдрийг төлөвлөвөл зохистой юм билээ. Гэхдээ бидэнд тийм ч дутуу дулимаг санагдсангүй, бүгд баяртай буцацгаав. Дараа тухтайхан ирнэ гэдэг бодол тээлээ.

Эргээд багийнхан дээрээ ирэхэд эрчүүд бүр нэг шавай нь ханасан байдалтай. Элдэв машинуудын дэргэд авахуулсан зургаа харж, утсаа байн байн маажна. Зарим эмэгтэй ч “Аа, яа яа. Ёстой автын экспо үзсэн нь боллоо. Авах машинаа нүдэлчихлээ” хэмээхдээ нүд нь очтон гялалзана.

1985 оноос БНХАУ-д энэхүү автошоу зохион байгуулагджээ. Хоёр жилдээ нэг удаа зохион байгуулагддаг тус экспоны 360 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд 2017 оны байдлаар 18 улс оролцжээ. Хятад болон дэлхийн бусад автомашины цоо шинэ шийдэл, загвар, техник технологийн дэвшлийн тухай нэгдсэн мэдээллийг эндээс авна. Энэ жилийн хувьд байгаль дэлхийд хор нөлөөгүй, эко системтэй цахилгаан автомашинуудыг онцолж, тэдгээрт зохион байгуулагчид шагнал гардуулсан гэнэ. Тус байгууламж нь үзэсгэлэнгийн танхим, худалдааны төв, оффис гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд метроны шугам нь нисэх онгоцны буудал, төмөр замын буудал зэрэг автозамын сүлжээнүүдтэй холбосон учир жуулчид аль ч зүгээс маш түргэн ирэх боломжийг бий болгосон байна. Монголчууд шиг шууд автобустайгаа ирээд зогсчихсон хүмүүс байсан эсэхийг мэдсэнгүй. Орон нутгийн жуулчид бол магадлалтай л юм билээ. 2017 онд Хятад дотооддоо 24.2 сая автомашин борлуулсан бол энэ тоо 4%-иар өсжээ. Шанхайгаас дөрвөн цагийн үест Бээжин рүү хөдөллөө. Замдаа нэг хоноод Бээжинд 18 цагийн үед ирж анх Эрээнээсээ суусан “VIP” автобусандаа сэлгэгдэв. Ийвүгээс ачаа бараа илт нэмэгдсэн учраас тэдгээрийг зөөх ажлыг олон эр хүн төвөггүй гүйцэтгэв. Бид 8000 км замыг аль хэдийнэ туулчихсан байх юм, гайхалтай.

 

 

ХҮҮХДҮҮД
Энэ аялалд Ангарагийн хүү Бат-Ирмүүн, миний хүү Ихэрбилэг, Төв аймгаас зугаалж яваа бүсгүй гурван хүүхэдтэйгээ явсан. Залуухан хос хамгийн бага аялагч болох гурван настай охиноо бас дагуулжээ.Жаахан охины тэсвэр тэвчээр гайхмаар. Тэр олон мянган бээр газар ээж, ааваа дагаад ганц удаа ёо гэхгүй алхаад байв. Хүүхдийг яаж ийм тэсвэр хатуужилтай болгож хүмүүжүүлдэг юм бэ хэмээн бодогдоно. Гурван хүүхэдтэй ээжийн хүүхдүүд бас их хэрсүү. Ээж нь элдэв амттан авч өгөх гэхээр “Хэрэггүй шүү, ээж ээ. Мөнгөө гамна” гэж гурван зэрэг дуу алдах нь хайр хүрэм. Бат-Ирмүүн томчууд шиг хэвлүүхэн. Бодлогын чанартай юм ярьж явах. Ихэрбилэг эмээгээ байнга дурсана.

Хүмүүс өхөөрдөөд өгсөн мөнгөнөөс 100 юаныг нь гялгар уутанд Ийвүд очсон оройноо авсан зүүлттэйгээ нямбайлаад хийчихсэн, өнөөхөө байн байн хараад л, эмээдээ нэмж цүнх, зүүлт, дүүгийн охинд бамбарууш авах зэргээр гэр амьтайгаа баталж явав. Түүнийг нь харсан Ирмүүн бас эмээ, ээж хоёртоо зүүлт авч харагдав. Ийвүгийн зүүлт чимэг ч хүний хорхой хүргэм л дээ. Ямартаа ч хүүхдүүд аян замд онц байлаа. Ихэрээ элдэв амттан сонирхож авахуулчихаад таалагдахгүй болохоор хаяад байсныг эс тооцвол наймаа арилжаанд нүдтэйгээ баталсан нэг үйл явдал болов. Ийвүгийн хуучин захаар явж байхад хүүхдүүд ийм зүйл сонирхдог гээд л сонин сонин бараа таваар санал болгоно. 1 юань 6 мо гээд нэг авсаархан утас тогтоогч байв. Албан ажлын ширээн дээр бол нэн тохиромжтой. Түүнээс Ихэрээгийн санаачлагаар 250 ширхэгийг худалдаж авлаа. Гэтэл өнөөхөө зарах гээд ёстой хавчиганадаг юм даа. Буудлын гадаа томчууд автобусаа хүлээх завсарт хоёрыг зарчихсан сууж байв. Замын-Үүдэд бид галт тэргээ хүлээн суухад хайрцагнаас нэгийг шүүрч аваад арын эгнээнд суугаа хүүхэн залуу хоёрт зарчихав. Гэртээ ирэнгүүтээ усанд орчихоод Баянзүрх зах руу гурвыг аваад жирийлээ. Нэгийг нь ногооны үр зардаг хижээл насны “найз эмэгтэй”-тэйгээ цэцгийн ваараар бартердаад, өнөө хоёрыг нь зарах гэнэ. Нэг бүрийг нь таван мянгаар зарсан гээд ороод ирэв. Бартер нь бүтээгүй тул цэцгийн ваараа мөнгөөр аваад, үлдсэн мөнгийг ээждээ өгөв. Ийвүг зорьсон хүмүүсээс хамгийн бяцхан наймаачин гэвэл Ихэрээг хэлэх биз. Монгол мөнгөөр 700 орчим төгрөгөөр авсан эдийг 5000-аар зараад байхаар урам оролгүй яах вэ. Энэ аяллаар Ихэрээгийн нүд нээгдсээн. Томчууд Бээжингээс унаагаа сэлгэхдээ “Энэ автобус хамаагүй тохилог шүү” гэхийг сонссон Ихэрээ “Манайхаан, өчнөөн хоног амьдарсан автобусаа муулахгүй шүү” гэсэн юм.

ТАЛАРХАЛ
Дүү, Ихэрээ бид гурав нэг хоногийн өмнө Эрээнд очиж, ШанКэЮу зочид буудалд буусан. Энэ зочид буудал их цэвэрхэн. Гэтэл ирсэн өдрөө хүү өндөр халуураад балардаг юм. Ерөөсөө буцъя болоод явчихлаа. Улаанбаатарт байхдаа ингэж өндөр халуурсан тохиолдолд ёс юм шиг эм тариа болдог хоёр л доо. Гэтэл “Хишиг”-ийн Батчулуун гурван аяга хоол барьчихсан чавхдаж орж ирээд “Юун буцах вэ. Эмчид аваачаад үзүүлье” гэлээ. Байрны нэг давхарт байрлах дэргэдээ эмийн сантай жижигхээн зайд байрлах эмнэлэгт хүүг үзүүллээ. Батчулуун тэр хүнтэй хятадаар өлхөөн ойлголцож байна. Хүүгийн хоолой өвджээ. Хүйс орчимд нь нэг наалт наав. Хоногийн дараа ахиад наагаарай гээд нэгийг нэмж өгөв. Хоёр төрлийн эм өглөө. Эмнэлгээс гараад буудал руу явах замд хүүгийн халуун нам буух нь тэр. Эндхийн эмнэлэгт хүүхдийг тарина гэсэн ойлголт байдаггүй гэнэ. Бараг гэмт хэрэг юм биш үү. Хүүхдүүд хатгаа туссан ч иймэрхүү маягаар эдгээдэг аж. Эм нь ургамлын гаралтай маш сайн эм юм байна. Манайхан ч одоо дайн байлдаанд явж байгаа аятай фронт маягийн эмчилгээтэй улс юм биш үү. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн томоохон эмнэлгийн эмч нар эндээс ирж өнөөх сайн эмнүүдээс сэмхээн аваад явдаг тухай Батчулуун өгүүлж байна. Замын турш хятад эмчийн өгсөн эмийг ууснаар Ихэрээгийн өвөлжин цор цор гэж үргэлжилсэн ханиад нам дарагдсан юм даа. Анд найз Батчулуундаа баярлалаа.
Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн тэргүүн Б.Ангараг дүүдээ баярлаж талархснаа эцэст нь илэрхийлье. Бидний аяллын үнэ хүний 1.800.000 төгрөг. Өчнөөн хоног үзэж харсантай минь яавч дүйцэх үнэ биш. “Ашигтай, ашиггүй явж л байдаг юм, эгч минь” гэхийг бодоход энэ ажилдаа тун дуртайн шинж. Олон хүний нүдийг нээж, амьдралыг өөрчилж, наймаа гээч арга ухаанд хөтөлсөн учир хэд хэдэн удаа хамт явах хүмүүс байж л байдаг биз ээ. Үүгээр 76 “Юм үзээгүй хүн”-ий олон олон сайхан зүйл үзэж, харж нүд нээн аялж ирсэн тухай тэмдэглэлээ өндөрлөе.
Н.Энхцэцэг
Улаанбаатар-Эрээн-Бээжин-Занжажиэ–Ийвү-Шанхай-Бээжин-Эрээн-Улаанбаатар
2019 оны 5 дугаар сар