//2020 онд 10 их наяд 216.3 тэрбум төгрөгөөр 118 арга хэмжээг санхүүжүүлнэ

2020 онд 10 их наяд 216.3 тэрбум төгрөгөөр 118 арга хэмжээг санхүүжүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил,байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.
Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлсэнээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцжээ. Үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээний саналыг холбогдох хуулийн дагуу салбарын яамд боловсруулан Сангийн яамд хүргүүлдэг байна. Энэ жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад 34 их наяд төгрөгийн өртөг бүхий 400 гаруй арга хэмжээний санал, жагсаалт ирсэн аж. Эдгээрийг шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг харгалзан үзэж Сангийн яам нэгтгэн, төслийг эцэслэн боловсруулдаг юм байна.
Мөн Монгол Улс бизнес орчны индексээр 190 орноос 74-т, хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, өрсөлдөх чадварын индексээр 137 орноос 101 эрэмбэлэгдэж байгаа аж. Харин БХБЯ-наас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөөд, ипотекийн зээлд хамрагдах сонирхол бүхий 43.000 иргэн бий гэдэг дүн гарчээ. Нийлүүлэх орон сууцууд ч бэлэн байгаа. Харин хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага байгааг энэ үеэр дурдлаа.